Монгол Улсын эдийн засаг өнөөдөр ямар байна вэ?
— Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбооноос сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар танилцуулж байна —
2026 оны 5 дугаар сарын 22-нд зохион байгуулагдсан “TORGONY ZAM – Mongolian Investment Summit 2026” арга хэмжээний урьдчилсан танилцуулгын үеэр ноён Фүжимото Казүхиса (Холбооны өмнөх Тэргүүн) “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.
Энэхүү нийтлэлээр тус илтгэлд дурдсан мэдээлэл, дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2026 оны эдийн засгийн төлөвийг танилцуулж байна.
▪️ Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөв
Илтгэлийн эхэнд сүүлийн жилүүд дэхь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн талаар танилцууллаа.
2025 онд ДНБ-ий өсөлт 6.8%-д хүрч, Олон улсын валютын сан (IMF), Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын дундаж таамаглал болох 5.8%-ийг давсан үзүүлэлттэй байна.
Энэхүү өсөлтийн гол хүчин зүйлсийн хувьд уул уурхайн салбарын өсөлт, мөн өмнөх онтой харьцуулахад малын хорогдол буурч, хөдөө аж ахуйн салбар сэргэж эхэлсэнтэй холбоотой хэмээн онцолсон юм.
Түүнчлэн салбарын ангиллаар авч үзвэл хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга зэрэг салбарууд эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсныг мөн тайлбарлав.
▪️ 2026 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5.7% болгон нэмэгдүүллээ
Үргэлжлүүлэн 2026 оны эдийн засгийн төлөвийн талаар танилцуулсан бөгөөд эдийн засгийн өсөлтийн анхны таамаглалыг 4.7 хувиас 5.7 хувь болгон нэмэгдүүлсэн талаар онцоллоо.
Салбарын хувьд уул уурхайн салбар 10.1%, уул уурхайн бус салбар 5.0%-иар өсөх төлөвтэй байна. Нийт эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар 1.4 нэгж хувь, уул уурхайн бус салбар 4.3 нэгж хувь тус тус хувь нэмэр оруулна гэж тооцоолжээ.
▪️ Хөдөө аж ахуй, барилгын салбарууд мөн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
2026 оны эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх салбаруудын төлөвийн талаар танилцууллаа.
Хөдөө аж ахуйн салбарын өсөлт тогтворжиж, 2026 оны эцэс гэхэд эдийн засгийн нийт өсөлтөд 0.3 нэгж хувийн хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.
Харин уул уурхайн бус бусад салбарын өсөлт нь голчлон мега төслүүдийн хэрэгжилттэй холбоотой барилгын салбараар дэмжигдэх бөгөөд эдгээр салбарууд эдийн засгийн нийт өсөлтөд 4.0 нэгж хувийн хувь нэмэр оруулах төлөвтэй байна.
▪️ Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбооны үйл ажиллагаа
Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо нь Япон компаниудын Монгол дахь бизнесийн үйл ажиллагааг дэмжих, Монгол компаниудтай бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Мөн эдийн засгийн семинар, хөрөнгө оруулалтын форумуудаар дамжуулан Япон Улсын аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулагчдад Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг тогтмол хүргэхийг зорьж байна.
Цаашид ч Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг тогтмол хүргэж, Япон, Монгол хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцааг улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байх болно.
Дараагийн нийтлэлээр инфляцын түвшний өөрчлөлт, төсөв, мөнгөний бодлогын өнөөгийн байдал зэрэг Монгол Улсын эдийн засгийг тойрсон хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудын талаар танилцуулах болно.
