Монгол–Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбооноос дэмжин ажилладаг “Централ Сталлионс” баг Монголын Премьер лигийн 2025/26 оны улиралд дэд аварга боллоо
— Клубын түүхэн дэх анхны лигийн медалийг хүртэж, AFC Challenge League-ийн урьдчилсан шатанд оролцох эрхээ авлаа —

Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо нь Япон, Монгол хоёр улсын эдийн засаг, соёл, спортын харилцааг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн Central Stallions FC (Централ Сталлионс хөлбөмбөгийн клуб)-ыг дэмжин ажиллаж байна.

“Централ Сталлионс” баг Монголын Премьер лигийн 2025/26 оны улиралд дэд байрт шалгарч клубын түүхэн дэхь анхны лигийн медалиа хүртлээ. Энэхүү амжилт нь тус клуб тогтвортой хөгжиж, өрсөлдөх чадвараа шинэ түвшинд хүргэснийг илтгэх чухал үйл явдал боллоо.

■ “Централ Сталлионс” хөлбөмбөгийн клубын тухай

“Централ Сталлионс” нь 2018 онд байгуулагдсан харьцангуй залуу клуб боловч богино хугацаанд эрчимтэй хөгжиж, өдгөө Монголын Премьер лигийн тэргүүлэх, хүчирхэг багуудын нэг хэмээн үнэлэгдэх болсон.

Тус клуб байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд улсын дээд лигт дэвшин орж, улирал бүр дээд байрын төлөө өрсөлдөж буй нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд онцлохуйц амжилтын нэгт тооцогдож байна.

■ Монголын Премьер лигийн 2025/26 оны улирлын үр дүн

Монголын Премьер лигийн 2025/26 оны улиралд нийт 9 клуб өрсөлдөж, 103 тоглолтын дараа аварга болон шагналт байруудаа тодруулав.

Улирлын хаалтын ёслол 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

2025/26 оны улирлын үр дүн

🥇 Аварга: ”Улаанбаатар” клуб (Ulaanbaatar FC)

🥈 Дэд аварга:  “Централ Сталлионс” клуб (Central Stallions FC)

🥉 3-р байр: ”Дэрэн” клуб (Deren FC)

■ “Централ Сталлионс” клубын түүхэн дэх анхны лигийн медалийг хүртлээ

“Централ Сталлионс” баг 2025/26 оны улиралд лигийн 22 тоглолтоос 14 хожил, 4 тэнцээ (47 оноо) авч, клубын түүхэндээ анх удаа Монголын Премьер лигийн медаль хүртэн, дэд аварга болсон түүхэн амжилтыг үзүүллээ.

■ AFC Challenge League-ийн урьдчилсан шатанд оролцох эрхээ авлаа

Азийн хөлбөмбөгийн холбооны дүрмийн дагуу МХБХ-ны дээд лигийн улирлыг эхний хоёр байрт өндөрлүүлсэн багууд дараагийн улирлын AFC Challenge League-ийн урьдчилсан шатанд оролцох эрхтэй болдог. Урьдчилсан шатанд ялалт байгуулсан баг нь тэмцээний хэсгийн шатанд шалгаран оролцоно.

Олон улсын тэмцээнд оролцох эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн өрнөсний үр дүнд “Улаанбаатар” болон “Централ Сталлионс” багууд AFC Challenge League-ийн урьдчилсан шатанд оролцох эрхээ амжилттай авлаа.

■ Монгол–Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбооны зүгээс

“Централ Сталлионс” багийн нийт тамирчид, дасгалжуулагчид, удирдлага болон хамт олонд 2025/26 оны улиралд үзүүлсэн амжилтад нь чин сэтгэлийн баяр хүргэж байна. Мөн энэхүү тэмцээнд оролцсон бүх клуб, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид болон тэмцээнийг зохион байгуулахад хүчин зүтгэсэн нийт албан хаагчдад талархал илэрхийлж, цаашдын ажил үйлс, спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Цаашид Монгол Улсад хөлбөмбөгийн спорт улам бүр хөгжиж, олон улсын тавцанд шинэ шинэ амжилт бүтээхийг Монгол–Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбооны зүгээс чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.