Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийн XII зөвлөлдөх уулзалт боллоо (Үдээс өмнөх хэсэг).
— Эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, санхүү, дижитал хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэв —
2025 оны 11 дүгээр сарын 26-нд Токио хотын “Мэйжи Кинэнкан” цогцолборт “Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийн XII зөвлөлдөх уулзалт” амжилттай зохион байгуулагдлаа. Монгол талын төлөөлөгчдөөс Шадар сайд Х. Ганхуяг, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) Ерөнхийлөгч Б.Лхагважав, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү зэрэг албаны төлөөлөл оролцов. Япон талаас эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд К.Ямада, Гадаад хэргийн яамны дэд сайд Т.Шимада зэрэг албаны хүмүүс болон хоёр орны төр, хувийн хэвшлийн олон байгууллага оролцлоо.
Хэлэлцүүлэгт эрдэс баялаг, агаарын ложистик, санхүү, дижитал шилжилт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлууд багтсан юм.
Нээлтийн үеэр хоёр талын төлөөлөгчид эдийн засгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон үг хэлж, мөн албан ёсны дурсгалын зураг авалт хийв.
Үргэлжлүүлэн, хөтөлбөр хоёр танхимд зэрэг өрнөж, танилцуулга илтгэл болон Засгийн газар хоорондын уулзалтууд зохион байгуулагдав.
Aeronext компани агаарын ложистикийн шинэ үеийн хамтын ажиллагааны боломжийг танилцуулсны дараа, ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн бололцоог танилцуулав. Нөгөө талд Шадар сайд Х.Ганхуяг болон Японы дэд сайд К.Ямада нар бодлогын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Дараагийн бизнес хэсэгт “Итoчү” корпораци Монголд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашдын чиглэлийн талаар танилцуулж, “Мицүбиши” корпораци Монголын эдийн засгийн хөгжилд тулгарч буй сорилт, боломжуудын талаар саналаа дэвшүүлэв.
Мөн Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн проректор Д.Цолмонбаатар хоёр улсын шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар илтгэл тавьж, оролцогчид идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Байгаль орчны салбарын хөтөлбөрт Ниппон Коэй компани замагт суурилсан BSC технологийг ашиглан цөлжилттэй тэмцэх боломжийг танилцуулж, зэрэгцэн Хоргын гол ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Долгоржав Монгол Улсад хэрэгжүүлж буй цөлжилтийн эсрэг арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Энэхүү сэдэв нь тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон юм.
Үүний дараа Япон улсын Гадаад худалдааг дэмжих байгууллага JETRO хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцуулж, мөн Худалдаа, хөгжлийн банк дижитал шилжилт, хиймэл оюун ухааны ашиглалт болон тогтвортой санхүүжилтийн шинэ чиг хандлагыг танилцуулав.
Хөтөлбөрийн төгсгөлийн хэсэгт хоёр улсын компани хоорондын хамтарсан гурван төсөл албан ёсоор танилцуулагдлаа.
- Самурай бонд хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах тухай санамж бичиг (Япон Улсын SMBC банк болон Монгол Улсын Голомт банк)
- Жоншны төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг (NAHAS MINING болон MDA)
- Япон Улсын “Мегатек” компанийн хэрэгжүүлж буй “Силкон” төслийн явцын тайланг хоёр улсын Засгийн газрын төлөөлөлд гардуулах ёслолын ажиллагаа
Эдгээр нь санхүү болон эрдэс баялагийн салбарт хамтын ажиллагаа бодитоор урагшилж буйг харуулсан чухал үйл явдал байв.
Эцэст нь, Япон улсын Гадаад хэргийн яамны дэд сайд Т.Шимада, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар хаалтын үг хэлж, хоёр улс эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.
Үйл ажиллагааны дараа хөнгөн зоогийн арга хэмжээ зохион байгуулагдаж, оролцогчид төр, хувийн хэвшлийн түвшний харилцаагаа улам гүнзгийрүүллээ.







